by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолд санал авч байна

2021/10/28    3113 Үзсэн   

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу “Жагсаалт, төлбөрийн хэмжээ шинэчлэн батлах, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлд санал авч байна.

Та бүхэн саналаа тус байгууллагын Бодлого төлөвлөлтийн газрын Тусламж, үйлчилгээний багц, зохицуулалтын хэлтэст info@emd.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлнэ үү.

Жагсаалт, төлбөрийн хэмжээ шинэчлэн батлах,

журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн баталсугай.
  1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын 1.1 заалтыг “1.1. Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.5, 9.1.10, 9.1.11-т заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.1, 24.6.2, 24.6.5-24.6.8, 24.6.10, 351.3-т заасан төлбөрийг нь төр хариуцах тусламж, үйлчилгээ (цаашид “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэх”)-ний төрлийг тогтоох, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээний зардлыг ЭМД-ын сан болон төлбөрийг нь төр хариуцах тусламж, үйлчилгээнд улсын төсвөөс олгох төсвийг нэгтгэсэн сангаас санхүүжүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.” гэж өөрчлөн найруулсугай.
  1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын хавсралтад дараах өөрчлөлтийг оруулсугай.

           3.1 “Амбулаторийн тусламж, үйлчилгээ”-ний бүлэгт дараах өөрчлөлтийг оруулах.

            3.1.1 “Амбулаторийн үзлэг болон амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц” гэснийг “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц” гэж өөрчлөх. Уг өөрчлөлтэй уялдуулан, энэхүү нэр томъёолол бүхий холбогдох хэсгүүдийг өөрчлөх;

               3.1.2 “Амбулаториор хийгдэх мэс ажилбар” гэснийг “Амбулаториор хийгдэх жижиг мэс ажилбар (хатиг, буглаа нээх, эрүү нүүрний жижиг ажилбар гэх мэт)” гэж өөрчлөх. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан энэхүү нэр томёолол бүхий холбогдох хэсгүүдийг өөрчлөх.

               3.1.3 “Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ” хэсгийн “Даатгуулагч өвчний учир төрийн өмчийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээгээр дагнасан эрүүл мэндийн байгууллага болон аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлэн шүдний цогц тусламж, үйлчилгээ авсан тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно. Даатгуулагчийн нэг шүдийг бүрэн эмчлэх бүхий л тусламж, үйлчилгээг цогц тусламж, үйлчилгээ хэмээн үзнэ.” гэсэн зохицуулалтын “байгууллага болон” гэсний ард “сум, тосгоны эрүүл мэндийн төв” гэж, “дүүргийн эрүүл мэндийн төв” гэсний ард “төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг” гэж тус тус нэмэх.

               3.1.4 “Хэвийн явцтай жирэмсний хяналтын багц” болон “Эрсдэлтэй жирэмсний багц” хэсгүүдийн санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалтын “Жирэмсний … дугаар 7 хоногт хийгдэх оношилгоо шинжилгээ хийгдсэний дараа” гэснийг “Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жирэмсний … дугаар 7 хоног хүртэлх хугацаанд хийхээр товлогдсон оношилгоо шинжилгээг хийсний дараа” гэж өөрчлөх.

               3.1.5 “Нийт амбулаторийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд баримтлах нийтлэг зохицуулалт” гэсэн дараах зохицуулалтууд бүхий хэсэг нэмэх. Үүнд:  

  1. Дараах тохиолдлоос бусад тохиолдолд зөвхөн анхан болон лавлагаа шатлалын эмчийн илгээх бичигтэй амбулаторийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлнэ. Илгээх бичиг шаардахгүй тохиолдлууд:

А) Халдварт өвчний үзлэг, оношилгоо

                Б) Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ

                В) Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

                Г) Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

                Д) Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс

    Е) Сэтгэцийн өвчний үзлэг, оношилгоо

                Ё) Амбулаториор хийгдэх жижиг мэс ажилбар

                Ж) Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

                З) Сэргээн засах тусламж, үйлчилгээ

                И) Өдрийн мэс засал

  1. Утсаар зөвлөгөө өгсөн амбулаторийн үзлэгийг тохиолдолд тооцохгүй, санхүүжүүлэхгүй.

    3.2 “Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ” бүлгийн “Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээтэй холбогдох бусад зохицуулалт” хэсгийн 3 дугаар заалтын “Эмчийн заалтаар” гэсний урд “Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн үзлэг хийсэн” гэж нэмэх,

    3.3 “Өдрийн эмчилгээ” бүлгийн “Өдрийн мэс засал”  хэсэгт дараах өөрчлөлтийг оруулах.

            3.3.1 “Даатгуулагчийн өвчний учир эмчийн заалтаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас авсан, өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно.” гэснийг “Эрүүл мэндийн байгууллагад мэс засал хийлгээд 24 цаг хүртэлх хугацаанд хяналтад байсан тохиолдлыг өдрийн мэс заслын нэг тохиолдолд тооцно.” гэж өөрчлөх.

             3.3.2 “Даатгуулагчид өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсний дараа эмнэлзүйн шаардлагаар эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд, ЭМДЕГ нь хяналтын үндсэн дээр зөвхөн өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эсхүл өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хоюуланг нь санхүүжүүлэхийг шийднэ.” гэснийг “Даатгуулагчид өдрийн мэс засал хийсний дараа эмнэлзүйн шаардлагаар эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн тухайн оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлнэ. Өдрийн мэс засал, хэвтүүлэн эмчлэх мэс заслыг давхардуулан санхүүжүүлэхгүй” гэж өөрчлөх.

            3.3.3 “Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт” хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ өдрийн мэс заслаар хийх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн мэс заслын оношийн хамааралтай бүлгийн  эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр санхүүжүүлнэ.” гэсний “эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн” гэснийг устгаж, оронд нь “нийт төлбөрийн” гэж нэмэх.

            3.3.4 “Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт” хэсэгт “Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ нь иргэний төлөх хамтын төлбөргүй байна.” гэсэн утга бүхий заалт нэмэх.

            3.4 “Диализын тусламж, үйлчилгээ” бүлгийн “Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт” хэсэгт дараах утга бүхий заалт нэмэх.

  • Өдрөөр хийлгэх диализ болон диализын тусламж, үйлчилгээний хяналтаас өөр, цаг товлосон амбулаторийн үзлэг нь холбогдох оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээгээр тусдаа санхүүжинэ.

            3.5 “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” бүлгийн “Эмийн эмчилгээтэй холбогдох бусад зохицуулалт” хэсэгт дараах утга бүхий заалт нэмэх.

  • Даатгуулагч хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авч байх хугацаандаа амбулаторийн аливаа тусламж, үйлчилгээ, өндөр өртөг бүхий оношилгоо шинжилгээний тусламж, үйлчилгээг өөрийн санаачилгаар авсан тохиолдолд тухайн амбулаторийн тусламж, үйлчилгээ болон оношилгоо, шинжилгээний зардлыг санхүүжүүлэхгүй.

            3.6 “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” бүлгийн “Мэс засал”-ын “Бусад зохицуулалт” хэсэгт дараах утга бүхий заалтууд нэмэх. Үүнд:

  • Нэг хэвтэлтээр хос эрхтэнд хоёуланд нь мэс засал хийсэн тохиолдолд 1 эрхтний мэс заслын тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээг 1.6 дахин үржүүлэх буюу 60 хувиар нэмж санхүүжүүлнэ. Хэрэв тухайн оношийн хамааралтай бүлэг нь иргэнээс төлөх хамтын төлбөртэй тохиолдолд хамтын төлбөрийн хэмжээг мөн 1.6 дахин үржүүлэх буюу 60 хувиар нэмж тооцон иргэнээр төлүүлнэ.
  • Нэг хэвтэлтээр а) 1 мэдээгүйжүүлгээр 2 өөр эрхтэнд хийгдсэн мэс заслууд, б) 2 өөр төрлийн хүрцээр нэг эрхтэнд хийгдсэн мэс заслууд, в) үе шаттай хийгдэх мэс заслуудын тохиолдлыг санхүүжүүлэхдээ өндөр төлбөртэй мэс заслыг нь 100 хувиар, бага төлбөртэйг нь холбогдох оношийн хамааралтай бүлгийн нийт төлбөрийн 60 хувиар тооцон тус тус нэмж санхүүжүүлнэ. Иргэний төлөх хамтын төлбөрийн хэмжээнд өндөр төлбөртэй мэс заслын иргэний төлөх хэмжээг баримтлана.
  • Заалт гаргасан мэс засал нь амжилтгүй болсноос тухайн мэс заслыг өөр аргаар хийсэн тохиолдолд сүүлийнх нь хийгдсэн мэс заслын төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлнэ.
  • Гэмтлийн мэс заслын төлбөрт бусад хавсарсан гэмтлийн мэс заслын зардал нь багтсан тул зөвхөн үндсэн мэс заслын оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлнэ.

            3.7 “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” бүлэгт “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд мөрдөх нийтлэг зохицуулалт” гэсэн дараах зохицуулалт бүхий хэсэг нэмэх.

  • Сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд иргэнээс хамтын төлбөр төлүүлэхгүй бөгөөд нийт төлбөрийн хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

.

          3.8 “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” хэсэгт “Санхүүжүүлэхэд баримтлах зохицуулалт” гэсэн дараах утга бүхий хэсэг нэмэх.

  • Хөнгөвчлөх эмчилгээг хийлгэх үедээ эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлсэн бол бол эрчимт эмчилгээний холбогдох оношийн хамааралтай бүлгээр  давхар нэхэмжилж болно.

            3.9 “Яаралтай тусламж” бүлгийн “Бусад зохицуулалт” хэсэгт дараах утга бүхий заалт нэмэх.

  • Түргэн тусламжаар ирээд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт нас барсан тохиолдлыг хөх эрэмбээр ангилж Оношийн хамааралтай бүлгийн шар В эрэмбээр тооцож санхүүжүүлнэ.

            3.10 “Түргэн тусламж” бүлгийн “Бусад зохицуулалт” хэсэгт дараах утга бүхий заалтуудыг нэмэх.

  • Түргэн тусламжийн дуудлагад лавлагаа шатлалын эмнэлэг хоорондын эмчийн дуудлагын үйлчилгээ хамаарахгүй.
  • Түргэн тусламжийн хуурамч дуудлага өгч, үйлчилгээ авсан тохиолдолд тухайн түргэн тусламжийн харгалзах төлбөрийн хэмжээг баримтлан, төлбөрийг иргэнээр төлүүлнэ.
  1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 04 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний “Хүснэгт 2. Тохиолдолд суурилсан төлбөрийн хэмжээ”-г хүчингүй болгосугай.
  1. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

              5.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгт:

1/ энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүй, тогтмол мэдээллээр   шуурхай хангах арга хэмжээг авч ажиллах;

2/ эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх  тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, програмд холбогдох өөрчлөлтийг хийх;

5.2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд:

1/  эрүүл мэндийн даатгалын цахим (HIGS) систем болон програм хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хийх; 

2/ эрүүл мэндийн байгууллага даатгуулагчаас холбогдох журамд заасныг зөрчиж нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;

3/ энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жагсаалт,  төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх;

4/ тогтоолын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийх,  үнэлгээний тайланг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулах,

 5.3. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяад:

1/ холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлтийг оруулах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэдээллээр тогтмол ханган эргэх холбоо тогтоож ажиллах

5.4 Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:

1/ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны  програм, цахим системд  энэ тогтоолын хавсралтаар баталсан  тусламж үйлчилгээний өртөг, тариф болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх байгууллагынхаа ажилчдад мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж ажиллах;

  1. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2021 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.

ДАРГА                                    С.ЭНХБОЛД

03_ийн_өөрчлөлтийн_тушаалын_төсөл_вэбэд_тавих_2021_10_28

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй