by
1800-1363

Мэдээ мэдээлэл

“Сонгон шалгаруулалтын журам батлах тухай” тогтоолын төсөлд санал авах

2021/03/16    6285 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Сонгон шалгаруулалтын журам батлах тухай “тогтоолын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу эрүүл мэндийн даатгалын цахим хуудсанд санал авахаар байршуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг munkhtuya.a@emd.gov.mn цахим хуудас болон 70101125 дугаарын утаснаас лавлана уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2020 оны …. сарын …. өдөр                         Дугаар…..                               Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.11 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

  1. “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах Ерөнхий шаардлага”-ыг хоёрдугаар, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах Тусгай шаардлага”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж, энэхүү журмын дагуу зохион байгуулагдах нэгдсэн сонгон шалгаруулалтыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /Л.Бямбасүрэн /-д үүрэг болгосугай.
  3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.
  4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГА                                   С.ЭНХБОЛД

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн

……………. оны ….. дугаар сарын …….. -ний өдрийн

………. дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Зорилго

  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ (цаашид “Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ” гэх)-г үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг даатгуулагчийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, үр дүнтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгоход чиглүүлэн зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Нийтлэг үндэслэл

  • Энэхүү журмаар даатгуулагчид Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа (цаашид “Сонгон шалгаруулалт” гэх)-тай холбогдсон харилцааг зохицуулна.
  • “Сонгон шалгаруулалт” нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиуд болон энэхүү журмаар зохицуулагдана.
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.13-т заасан эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зарим тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулалтанд хамруулахгүйгээр шууд гэрээ хийж болох бөгөөд шууд гэрээ байгуулах байгууллагын төрлийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтын зарчим

  • Сонгон шалгаруулалтанд дараах зарчмыг баримтлана. Үүнд:
    • Даатгуулагчийн хууль ёсны эрхийг дээдлэн, тэдний дийлэнхи олонхийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас худалдан авах
    • Даатгуулагчийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах
    • Эрүүл мэндийн даатгалын сангийн чадамжид суурилах
    • Тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхийг дэмжих
    • Сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бус, шударга, бие даасан байдлаар зохион байгуулах зэрэг болно.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, нөхцөл

 

  • Сонгон шалгаруулалтыг 3 жилд нэг удаа (цаашид “нэгдсэн сонгон шалгаруулалтын хугацаа” гэх) нэгдсэн журмаар зохион байгуулна.
  • Дараах нөхцөлүүдийн аль нэг нөхцөл нь бүрдсэн тухай бүрд нэгдсэн сонгон шалгаруулалтын хугацааг үл харгалзан, явцын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:
    • Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын нэр, төрөлд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд нэмэгдсэн тусламж, үйлчилгээний төрөл бүрээр;
    • Нэгдсэн сонгон шалгаруулалтаар тухайн тусламж, үйлчилгээний төрөлд өрсөлдөхөөр ямар нэгэн байгууллагаас баримт бичиг ирээгүй, эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүйн улмаас тус тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага сонгогдоогүй тохиолдолд тухайн багцыг бүхэлд нь;

 

Тав. Сонгон шалгаруулалтын удирдлага, зохион байгуулалт

 

  • Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үүнтэй холбогдох хариуцлагыг хүлээх үндсэн нэгж нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж байна.
  • Сонгон шалгаруулалтын явцад хөндлөнгийн хяналтыг бий болгох зорилгоор сонгон шалгаруулалтын зохион байгуулалтанд оролцох хүсэлт илэрхийлсэн тохиолдолд дараах талуудаас тус бүр 1 төлөөллийг татан оролцуулж болно. Үүнд:
    • Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
    • Мэргэжлийн нийгэмлэг, холбоо
    • Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага байгууллага
  • Сонгон шалгаруулалтын удирдлага, зохион байгуулалтанд оролцогч нь дараах үүрэгтэй. Үүнд:
    • Сонгон шалгаруулалтын удирдлага, зохион байгуулалтанд оролцогч нь сонгон шалгаруулалтыг энэхүү журмын 2 дугаар бүлэгт тодорхойлсон холбогдох хууль журмын дагуу, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, сонгон шалгаруулалтанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, түүний удирдлага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад талуудаас хараат бус, бие даасан байдлаар зохион байгуулах үүрэгтэй.
    • Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт ирүүлсэн бүх байгууллагатай ашиг сонирхлын аливаа зөрчилгүй гэдгээ албан бичгээр илэрхийлнэ. Ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд энэ тухайгаа Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгжийн даргад бичгээр илэрхийлж, өөрийн хүсэлтээр тухайн байгууллагын үнэлгээнд оролцохоос татгалзах үүрэгтэй.
    • Сонгон шалгаруулалттай холбоотой аливаа мэдээллийг сонгон шалгаруулалтанд оролцогч байгууллагад болон бусад хамааралгүй этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй.

 

  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны хүрээнд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
    • Сонгон шалгаруулалтын бэлтгэлийг хангах;
    • Энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан нөхцөл бүрдсэнийг батлах нотолгоо, судалгааны үр дүнг үндэслэн, сонгон шалгаруулалтыг тухай бүр цахимаар зохион байгуулах;
    • Сонгон шалгаруулалттай холбогдох аливаа асуудлыг нэгжийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх, хурлын тэмдэглэл хөтөлж, шийдвэрийг баримтжуулах;
    • Сонгон шалгаруулалтын явц, үр дүнд үүссэн санал, хүсэлт, гомдол, маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх;
    • Сонгон шалгаруулалтын үр дүн, тайлан, зөвлөмжийг Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргын зөвлөлд танилцуулах;
    • Эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материал, сонгон шалгаруулалтын үйл явцын тэмдэглэл, гарсан шийдвэр, тайланг архивт хүлээлгэн өгөх зэрэг болно.

 

  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь сонгон шалгаруулалтын нэгдсэн тайланг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд сонгон шалгаруулалт явагдсанаас хойш 1 сарын дотор хүргүүлнэ.

 

Зургаа. Сонгон шалгаруулалт зарлах тусламж, үйлчилгээний нэр төрлийг зарлах

 

  • Сонгон шалгаруулалтаар тухайн сонгон шалгаруулалтын үр дүн мөрдөгдөх 3 жилийн хугацааны туршид эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр худалдан авах тусламж, үйлчилгээний нэр төрлийг дараах 2 хувилбартайгаар зарлана. Үүнд:
    • Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан тухайн тусламж, үйлчилгээг “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд баримтлах төлбөрийн хэмжээ”-г мөрдөх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт;
    • Үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт;
  • Үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалтад тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээг “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ”-ээс өндрөөр тогтоож, эрүүл мэндийн байгууллагын тухайн тусламж, үйлчилгээ үзүүлэх сонирхлыг нь өдөөх замаар тусламж, үйлчилгээний хүртээмжийг нь зайлшгүй нэмэх шаардлагатай, эсхүл тухайн тусламж, үйлчилгээний хөгжлийг нь дэмжих шаардлагатай тусламж, үйлчилгээнүүдийг хамруулна.
  • Тухайн сонгон шалгаруулалтаар зарлагдах “Үнийн дүнд нь тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт”-ыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд төрөл, жагсаалтыг тодорхойлохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна. Үүнд:
    • Тухайн тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, хүлээгдэл чирэгдэл ихтэйн улмаас даатгуулагчийн тухайн тусламж, үйлчилгээг авахдаа төлөх зардлын хэмжээ нэмэгдэж, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд оруулж буй тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэх;
    • Эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний е-баримтад бүртгэгдсэн дундаж үнэ нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ”-ээс 20 хувиас их байгаа эсэх, түүний шалтгаанд дүн шинжилгээ хийх;
  • “Үнийн дүнд нь тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт” нь улсын хэмжээнд нийтлэгээр хэрэгжих, эхсүл зөвхөн тухайн орон нутгийн хэмжээнд хэрэгжихээр тодорхойлогдож болно.

 

Долоо. Сонгон шалгаруулалтын бэлтгэл

 

  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж нь сонгон шалгаруулалт зохион байгуулах бэлтгэлийг тасралтгүй хэрэгжүүлнэ. Үүнд:
    • Ерөнхий болон тусгай шаардлагыг үнэлэхэд шаардлагатай дараах мэдээллийг холбогдох байгууллагаас тасралтгүй цуглуулж, шинэчлэлт, өөрчлөлт бүхий мэдээллийн бааз бий болгох. Үүнд:
  • Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэдээллийн сан
  • Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн мэдээний сан
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрлийн мэдээний сан
  • Эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий байгууллагуудын сүүлийн 3 жилийн гэрээний үнэлгээ, хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан шалтгаан, хууран мэхлэх аливаа асуудлын шалтгаан
  • Өмнөх сонгон шалгаруулалтад хуурамч бичиг баримт бүрдүүлж оролцсон нь эрх бүхий байгууллагаар нотлогдон, дараагийн сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хасуулсан байгууллагуудын жагсаалт
  • Бусад шаардлагатай мэдээлэл
    • “Үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт”-ыг энэхүү журмын 6.3-т заасан хүчин зүйлсийг харгалзан тодорхойлох
    • шалгаруулах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахад ашиглагдах программ хангамжийг бий болгох, турших, нэвтрүүлэх, ашиглалтын явцад үнэлгээ хийх, зайлшгүй орох өөрчлөлтүүдийг хийх замаар програм хангамжийн бэлэн байдлыг хангах
    • Сонгон шалгаруулалтанд оролцохыг сонирхогчдод зориулсан сонгон шалгууралтын үе шат, тухайн үе шат хэрхэн явагдах процесс, сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага зэрэг сонгон шалгаруулалтын талаарх цогц мэдээллийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр бэлтгэх, түгээх

 

  • Сонгон шалгаруулалтанд ашиглагдах программ хангамж нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид ашиглахад хялбар, ойлгомжтой байх
    • Тусламж, үйлчилгээний хэд хэдэн төрлөөр сонгон шалгаруулалтанд оролцож буй байгууллагын тусгай шаардлагын баримт нь давхацсан тохиолдолд давхацсан материалыг зөвхөн нэг удаа шаарддаг байхаар зохион байгуулагдсан байх
    • Сонгон шалгаруулалтанд оролцож буй эрүүл мэндийн байгууллагуудын чадамжийг тооцон, чадамжид нь багтаан тусламж, үйлчилгээний тоо хэмжээг хязгаарладаг байх
    • Сонгон шалгаруулалтын бүх үе шатны үнэлгээг аль болох хүний оролцоогүйгээр үнэлэх чадамжтай байх
    • Сонгон шалгаруулалтын хариуг сонгон шалгаруулалтад оролцогчдод цахимаар илгээх боломжтой байх зэрэг болно.

Найм. Сонгон шалгаруулалтанд оролцогч эрүүл мэндийн

байгууллагуудад тавигдах шаардлага

 

  • Сонгон шалгаруулалтанд оролцогч эрүүл мэндийн байгууллагад “Ерөнхий шаардлага” болон “Тусгай шаардлага” гэсэн үндсэн 2 төрлийн шаардлагыг тавина.
  • “Ерөнхий шаардлага” гэдэг нь сонгон шалгаруулалтанд оролцогч эрүүл мэндийн байгууллагын заавал биелүүлэх нийтлэг шаардлага бөгөөд уг шаардлагыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн шийдвэрээр батална.
  • “Тусгай шаардлага” гэдэг нь тухайн эрүүл мэндийн байгууллага тухайн тусламж, үйлчилгээг нотлогоонд суурилсан эмнэлзүйн хувьд үзүүлэх чадамжтай эсэхийг үнэлэхэд баримтлах шаардлага бөгөөд сонгон шалгаруулалт зарласан тусламж, үйлчилгээний нэр, төрөл тус бүрээр ялгаатай байна.
  • “Тусгай шаардлага” нь “Зайлшгүй шаардлага” болон “Нэмэлт шаардлага” гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэнэ.
    • “Зайлшгүй шаардлага” гэдэг нь тухайн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд нэн шаардлагатай нөөцийн шаардлага бөгөөд эрүүл мэндийн байгууллага нь тус шаардлагыг заавал өөрийн байгууллагын хүчин чадлаар гүйцэтгэх, тусламж, үйлчилгээний тоо хэмжээнээс үл хамааран байнгын бэлэн байдалд байлгах, зайлшгүй хангавал зохих шаардлага юм.
    • Нэмэлт шаардлага” гэдэг нь тусламж, үйлчилгээг цогц, тасралтгүй үзүүлэхэд шаардагдах, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ашиглагдаж болох нөөцийн шаардлага бөгөөд эрүүл мэндийн байгууллага нь уг шаардлагыг өөрийн нөөц эсхүл уг шаардлагыг хангаж чадахуйц, мэргэжлийн байгууллагатай гэрээлэн гүйцэтгүүлэх замаар биелүүлэх боломжтой, нэмэлтээр хангавал зохих шаардлага юм.
    • “Нэмэлт шаардлага”-ыг өөрөө үзүүлэх боломжгүй байгууллага нь тухайн шаардлагыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай гэрээ, хэлцлийн эрх зүйн баримт бичгийг сонгон шалгаруулалтын материалдаа хавсарган ирүүлнэ.
  • “Тусгай шаардлага” нь дараах үндсэн нөхцөлийг хангасан шалгуур байна. Үүнд:
    • Тухайн тусламж, үйлчилгээг чанартай, тасралтгүй, эмнэлзүйн хувьд цогцоор нь үзүүлэхэд зайлшгүй шаардагдах нөөц (хүний нөөц, лаборатори, тоног төхөөрөмж, байгалийн нөөц, барилга байшин гэх мэт)-ийг шаардсан байх
    • Орон нутгийн хязгаарлагдмал нөөц, боломжийг харгалзан үзсэн байх
  • Тусламж, үйлчилгээний нэр, төрөл тус бүрд тавигдах “Тусгай шаардлага”-ыг батлагдсан загвар болон энэхүү журмын 8.5-т заасан нөхцөлийг баримтлан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар боловсруулж, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудаар хэлэлцүүлсний эцэст, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлан, мөрдүүлнэ.

 

Ес. Сонгон шалгаруулалтын үе шат

 

  • Сонгон шалгаруулалт нь 4 үе шаттайгаар зохион байгуулагдана.
    • Нэгдүгээр үе шат: Сонгон шалгаруулалтын зарыг энэхүү журмын 10 дугаар бүлэгт заасны дагуу нийтэд мэдээлэх.
    • Хоёрдугаар үе шат: Энэхүү журмын 11 дүгээр бүлэгт заасны дагуу сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгууллагын сонирхлоо илэрхийлсэн хүсэлт болон “Ерөнхий шаардлага”-ын материалыг хүлээн авах, үнэлэх, хариу хүргүүлэх.
    • Гуравдугаар үе шат: Энэхүү журмын 12 дугаар бүлэгт заасны дагуу “Ерөнхий шаардлага”-д тэнцсэн эрүүл мэндийн байгууллагын “Тусгай шаардлага”-ын материалыг хүлээн авах, үнэлэх
    • Дөрөвдүгээр үе шат: Энэхүү журмын 13 дугаар бүлэгт заасны дагуу сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг баталгаажуулах, оролцогчид болон олон нийтэд танилцуулах.

 

Арав. Үе шат 1: Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх

 

  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн өдрөөс 14 хоногийн өмнө сонгон шалгаруулалтын зарыг нийслэл, орон нутгийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим хуудсанд байрлуулна.
  • Зар нь Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр худалдан авах тусламж, үйлчилгээний төрөл, түүнээс үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагад тавигдах “Ерөнхий шаардлага”, бүрдүүлэх баримт бичиг, хүсэлт болон бүрдүүлэх материалыг цахимаар хүлээн авах зааварчилгаа, баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа, шаардлагатай тохиолдолд холбоо барих албан тушаалтны нэр, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан байна.

Арван нэг. Үе шат 2: “Ерөнхий шаардлага”-ын дагуу бүрдүүлэх баримт бичиг хүлээн авах, үнэлэх, хариу хүргүүлэх

 

  • “Ерөнхий шаардлага”-ын дагуу бүрдүүлэх баримт бичиг хүлээн авах:
    • Эрүүл мэндийн даатгалын газрын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж нь эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хүсэлт болон энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ерөнхий шаардлага”-ын дагуу бүрдүүлэх баримт бичгийг цахимаар хүлээн авна.

 

  • “Ерөнхий шаардлага”-ын дагуу эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн баримт бичгийг үнэлэх:
    • “Ерөнхий шаардлага”-ын дагуу бүрдүүлэх баримт бичгийн үнэлгээг материал хүлээн авч дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор сонгон шалгаруулалтын программ хангамжийг ашиглан цахимаар хийнэ.
    • Сонгон шалгаруулалтын программ хангамж нь эрүүл мэндийн байгууллагаас “Ерөнхий шаардлага”-ын дагуу ирүүлсэн материалыг холбогдох мэргэжлийн байгууллагаас урьдчилан цуглуулсан мэдээлэлтэй харьцуулах замаар үнэлгээг хийнэ.
    • “Ерөнхий шаардлага”-д тавигдсан бүх шалгуурыг хангасан байгууллагыг энэ үе шатанд тэнцсэнд тооцно. Аль нэг шаардлагыг хангаагүй, материалын бүрдэл дутуу, бүрдүүлсэн материал хуурамч байвал энэ үе шатанд тэнцүүлэхгүй.

 

  • “Ерөнхий шаардлага”-ын үе шатны үнэлгээний дүнг оролцогчдод хүргүүлэх:
    • Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж нь “Ерөнхий шаардлага”-д тэнцсэн байгууллагуудад сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцох урилга, тэнцээгүй байгууллагуудад “Тэнцээгүй” шалтгаан бүхий мэдээллийг үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан, цахимаар хүргүүлнэ.
    • “Ерөнхий шаардлага”-д тэнцсэн байгууллагад хүргүүлэх урилга дараах мэдээллийг агуулсан байна.
      • Эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрөл, түүнээс үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний нэр төрөл
      • Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах “Тусгай шаардлага”
      • “Тусгай шаардлага”-ыг хангаж байгаа тухай баримт бичгийн мэдээлэл
      • “Тусгай шаардлага”-ын дагуу бүрдүүлэх баримт бичгийн мэдээллийг хүлээн авах эцсийн хугацаа
      • Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, зааварчилгаа өгөх албан тушаалтны нэр, холбоо барих утасны дугаар зэрэг болно.

Арван хоёр. Үе шат 3: “Тусгай шаардлага-ын дагуу бүрдүүлэх материалыг хүлээн авах, үнэлэх

 

  • “Тусгай шаардлага”-ын материалыг хүлээн авах:
    • “Тусгай шаардлага”-ын баримт бичгийн мэдээлэл хүлээн авах эцсийн хугацаа нь дараагийн шатанд орох цахим урилга хүргүүлсэн эцсийн өдрөөс хойш ажлын 10 хоног байна.
    • “Ерөнхий шаардлага”-д тэнцсэн байгууллага нь дараах материалыг урилгад дурдсан хугацаанд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгжид цахимаар ирүүлнэ. Үүнд:
  1. “Тусгай шаардлага”-ыг үнэлэх үе шатанд оролцох тухай байгууллагын албан хүсэлт
  2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллагад тавигдах “Тусгай шаардлага”, уг шаардлагыг хангаж буйг илэрхийлсэн нотлох баримтын мэдээлэл
    • “Тусгай шаардлага”-ыг үнэлэх үе шатанд оролцох эрх авсан байгууллагын албан хүсэлт нь дараах мэдээллүүдийг заавал агуулсан байна. Үүнд:
  3. Сонгон шалгаруулалтанд оролцож буй тусламж, үйлчилгээний нэр төрлийг оношийн хамааралтай бүлэг тус бүрээр тодорхой бичсэн байх
  4. Сонгон шалгаруулалтын зар дотор зарлагдсан “Үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл”-өөс бусад тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээнд баримтлах зардлын төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, гэрээний туршид түүнийг мөрдөх, даатгуулагчаас ЭМДҮЗ-өөс баталсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүйг илэрхийлэх
  5. Сонгон шалгаруулалтанд оролцохоор бүрдүүлсэн материалын жагсаалт бүхий товьёогийг хавсаргах
    • “Ерөнхий шаардлага”-д тэнцсэн байгууллага нь өөрийн чадамжид үнэлгээ хийн, чадамждаа нийцүүлэн хэд хэдэн төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тухайн тусламж, үйлчилгээнд тавигдах “Тусгай шаардлага”-ыг хангаж буйг нотлох баримт бичгээ ирүүлж болно.
    • Сонгон шалгаруулалтанд оролцогч байгууллагын сонгон шалгаруулалтад оролцох гэж буй тусламж үйлчилгээний төрөл нь тухайн байгууллагын тусгай зөвшөөрөлд тусгагдсан үйл ажиллагааны төрөлтэй нийцсэн байна.
  • “Тусгай шаардлага”-ын дагуу эрүүл мэндийн байгууллагын цахимаар оруулсан баримт бичгийн мэдээллийг үнэлэх:
    • “Тусгай шаардлага”-ын үнэлгээг аймаг, нийслэлийн хэмжээнд сонгон шалгаруулалт зарлагдсан эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний төрөл тус бүрээр хийнэ.
    • “Тусгай шаардлага”-ын мэдээллийн үнэлгээг тухайн байгууллагын “Тусгай шаардлага”-ын мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор дуусгасан байна.
    • “Тусгай шаардлага”-ын баримт бичгийн үнэлгээг тухайн тусламж, үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллагад тавигдах “Тусгай шаардлага”-ыг хангаж буйг нотлох баримтын мэдээллийг мэдээний санд оруулсан нийт байгууллагуудын ирүүлсэн материал дээр үндэслэн, байгууллага тус бүрээр цахим програмыг ашиглан хийнэ.
    • “Зайлшгүй шаардлага” болон “Нэмэлт шаардлага”-д тавигдсан бүх шалгуурыг хангасан байгууллагыг тухайн тусламж, үйлчилгээний төрлийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэж үзнэ. Хэрэв шалгуураас аль нэг шалгуурыг хангаагүй, материалын бүрдэл дутуу, бүрдүүлсэн материал хуурамч байвал сонгон шалгаруулалтанд тэнцүүлэхгүй.
  • “Тусгай шаардлага”-ын үе шатны үнэлгээнд тэнцээгүй оролцогчдод үнэлгээний үр дүнг хүргүүлэх:
    • “Тусгай шаардлага”-ын үе шатанд тэнцээгүй эрүүл мэндийн байгууллагад уг үе шатанд “Тэнцээгүй” тухай мэдэгдлийг тэнцээгүй шалтгааны хамт “Тусгай шаардлага”-ын үнэлгээ хийгдэж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор цахимаар мэдэгдэнэ.

 

Арван гурав.  Үе шат 4: Сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг баталгаажуулах, оролцогчид болон олон нийтэд танилцуулах

 

  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь сонгон шалгаруулалтын дүнг тусгай шаардлагын үнэлгээ хийгдэж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор нэгтгэн, тушаал гаргаж, сонгон шалгаруулалтын үр дүнг баталгаажуулна.
  • Тушаал нь дараах мэдээллийг агуулсан байна.
    • Аймаг нийслэл тус бүрээр сонгон шалгаруулалтанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагын жагсаалтыг ямар тусламж, үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр шалгарсныг тодорхой дурдсан байна.
    • Сонгон шалгаруулалтанд тэнцээгүй байгууллагыг сонгон шалгаруулалтын аль үе шатанд сонгон шалгаруулалтаас хасагдсан болон хасагдсан шалтгааныг тодорхой дурдсан байна.
  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж нь “Сонгон шалгаруулалтын эцсийн дүн”-г оролцогчид болон олон нийтэд дараах байдлаар танилцуулна. Үүнд:
    • Сонгон шалгаруулалтанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудад ямар тусламж, үйлчилгээний төрөлд тэнцсэн тухай мэдэгдлийн сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулсан тушаалын хуулбарын хамт, сонгон шалгаруулалтын үр дүнгийн тушаал гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.
    • Сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг вэбсайтад ил тод зарлаж, даатгуулагчийг мэдээллээр хангана.

Арван дөрөв. Сонгон шалгаруулалтын үр дүн хүчингүй болох, 

өөрчлөлт орох нөхцөлүүд

 

  • Сонгон шалгаруулалт явагдсанаас хойш Эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанаас үл хамаарах дараах нөхцөл үүссэн тохиолдолд сонгон шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгоно. Үүнд:
    • Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын нэр, төрөл хасагдсан тохиолдолд тухайн хасагдсан тусламж, үйлчилгээний багц дээрх сонгон шалгаруулалтын үр дүнг бүхэлд нь;
    • Тухайн жилд тухайн тусламж, үйлчилгээний багцад зарцуулах эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт төсөвт батлагдаагүй тохиолдолд төсөв нь батлагдаагүй тусламж, үйлчилгээний багц дээрх сонгон шалгаруулалтын үр дүнг бүхэлд нь тус тус хүчингүй болгоно.

Арван тав. Сонгон шалгаруулалттай холбогдох маргаан, хариуцлага

  • Сонгон шалгаруулалтанд оролцогч эрүүл мэндийн байгууллага нь сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас тодруулга авах, гомдол гаргах, шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд уг асуудлаар хандах эрхтэй.
  • Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгж, түүний албан хаагчдын хариуцлагагүй, бэлтгэлгүй байдлын улмаас сонгон шалгаруулалтанд аливаа маргаан, алдаа үүссэн тохиолдолд түүний удирдлага, албан хаагчдад Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд хариуцлага тооцно.
  • Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтанд оролцогч нь энэхүү журмыг 5.3 хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль, Авилгалтай тэмцэх хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд хариуцлага тооцож, арга хэмжээ авна.
  • Эрүүл мэндийн байгууллага нь сонгон шалгаруулалтанд оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх бөгөөд гэрээлэхгүй, дараагийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

 

Арван зургаа. Сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудтай

гэрээ байгуулах

 

  • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь сонгогдсон эрүүл мэндийн байгууллагатай дараагийн нэгдсэн сонгон шалгаруулалт хүртэлх хугацаанд буюу 3 жилийн хугацаанд жил бүр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-г хийнэ.
  • Гэрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.2-т заасны дагуу тухайн эрүүл мэндийн байгууллагын тухайн жилд даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр, төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ болон бусад холбогдох нөхцөлүүд тусгагдсан байна.
  • Гэрээнд тусгагдах тусламж, үйлчилгээний нэр төрөл:
    • Гэрээнд тусгагдах, тухайн байгууллагын даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл нь тухайн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтанд тэнцсэн тусламж, үйлчилгээний төрөл байна. Сонгон шалгаруулалтанд тэнцээгүй тусламж, үйлчилгээний нэр төрөл дээр тухайн байгууллагатай гэрээ байгуулахгүй.
  • Гэрээнд тусгагдах тусламж, үйлчилгээний тоо хэмжээ: Гэрээнд тусгагдах тусламж, үйлчилгээний тоо хэмжээ нь тухайн байгууллагын хүчин чадлын хэмжээнээс хэтрэхгүй байна. Эрүүл мэндийн байгууллагын тухайн тусламж, үйлчилгээний төрлийн хүчин чадлыг дараах аргачлалаар тодорхойлно.
    • Тухайн эрүүл мэндийн байгууллагын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 1 жилийн нийт хүчин чадлыг дараах томьёоллоор тооцно.
 

It = I1+I2+…+In

 

It– Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт хүчин чадлын хэмжээ, тоогоор, 1 жилээр

I1, I2, …In – Тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний ерөнхий төрлөөр ангилагдсан хэвтүүлэн эмчлэх тасаг тус бүрийн тусламж үйлчилгээний хүчин чадлын хэмжээ, тоогоор, 1 жилээр

 

Тайлбар: Энгийнээр тайлбарлавал  I1, I2, …In  нь төрөх, дотор, мэдрэл, чих хамар хоолой гэх мэт тасаг тус бүрийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлын хэмжээ юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Тухайн эрүүл мэндийн байгууллагын тухайн тусламж, үйлчилгээний төрлийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 1 жилийн нийт хүчин чадлыг дараах томьёоллоор тооцно.
 

In =

 

In – Тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний ерөнхий төрлөөр ангилагдсан хэвтүүлэн эмчлэх тасаг тус бүрийн тусламж үйлчилгээний хүчин чадлын хэмжээ, тоогоор, 1 жилээр

B – Тухайн тасаг эсхүл тухайн тусламж үйлчилгээний төрлийн ерөнхий бүлэгт ашиглагдахаар хуваарилагдсан орны тоо

D – Тухайн тусламж, үйлчилгээний төрлийн ерөнхий бүлэг дэх улсын хэмжээний дундаж ор хоног

Жич: Тухайн тусламж, үйлчилгээний төрөл дэх улсын хэмжээний дундаж ор хоногийг тодорхойлохдоо Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргаж буй албан ёсны мэдээллийн эх үүсвэрийг ашиглана.

 

 

 

 

 

 

  • Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний жилийн нийт чадамжийг дараах томьёоллоор тооцно.
 

R =

 

R – Сувилал, сэргээн засах тусламж, үйлчилгээний чадамж, тоогоор, жилээр

B – Тухайн байгууллагын батлагдсан сувилал, сэргээн засах тусламж, үйлчилгээний орны тоо

 

  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн тусламж, үйлчилгээний жилийн чадамжийг дараах томьёолоор тооцно.
 

O =

 

O – Амбулаторийн тусламж, үйлчилгээний чадамж, тоогоор, жилээр

Do – Тухайн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн ажлын байрны тоо

 

 

  • Гэрээнд тусгагдах тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ:
    • Cонгон шалгаруулалтаар зарлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд баримтлах төлбөрийн хэмжээ”-г мөрдөх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалтын төлбөрийн хэмжээнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд баримтлах төлбөрийн хэмжээ”-г тусгана.
    • Cонгон шалгаруулалтаар зарлагдсан “Үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт”-ын төлбөрийн хэмжээг сонгогдсон эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар гэрээнээс өмнө тохиролцон, тохиролцсон үнийн дүнг гэрээнд тусгана. Энэхүү үнийн дүн тохиролцох зохицуулалт нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад хамаарахгүй.
    • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь “Үнийн дүнд тохиролцоо хийх тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт”-д сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудтай тохиролцоо хийхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
      • Ижил төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон нийт эрүүл мэндийн байгууллагуудтай нийтлэг нь тохиролцоо хийх буюу ЭМДҮЗ-ийн тогтоолын дагуу тухайн тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх төлбөрийн дүнг тодорхой, ижил хувиар нэмэгдүүлэх саналыг гаргаж, байгууллагуудтай тохиролцох
      • Хэрэв энэхүү журмын 16.5.3.1-т заасан зарчмыг хүлээн зөвшөөрөөгүй эрүүл мэндийн байгууллагуудын тухайн тусламж, үйлчилгээний өртөг зардлын бодит судалгааг хийж, өртгийн судалгааны дүнд үндэслэн төлбөрийн хэмжээг тодорхойлох
    • Олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагын тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийн дээд хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж болно.
    • Эрүүл мэндийн байгууллага нь гэрээнд тусгагдсан зардлын төлбөрийн дээд хэмжээг мөрдөхийн зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан хамтын төлбөрийн хэмжээ болон “Үнийн дүнг нь тохиролцох тусламж, үйлчилгээ”-ний зөрүү төлбөрөөс өөр тусламж, үйлчилгээтэй холбоотой нэмэлт төлбөрийг даатгуулагчаас авахгүй.
    • “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд баримтлах төлбөрийн хэмжээ” нь тухайн тусламж, үйлчилгээний эмчилгээ, оношилгооны нийт зардал болон бусад стандарт зардлыг багтаасан болно.

Арван долоо.  Гэрээг түр зогсоох, цуцлах нөхцөлүүд болон гэрээ зөрчсөн байгууллагад хүлээлгэх хариуцлага

 

  • Сонгон шалгаруулалтанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан тохиолдолд дараагийн магадлан итгэмжлэл авах хүртэлх хугацаанд гэрээг түр зогсоох бөгөөд магадлан итгэмжлэлээ авсан өдрөөс эхлэн гэрээг үргэлжлүүлнэ.
  • Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад хяналтын байгууллагуудаас үйл ажиллагаагаа сайжруулах дүгнэлт гарсан эрүүл мэндийн байгууллагуудыг үйл ажиллагаагаа сайжруулах хүртэлх хугацаанд дүгнэлтийн цар хүрээнээс хамааран гэрээг хэсэгчлэн болон бүхэлд нь түр зогсоох бөгөөд үйл ажиллагаа сайжирсан дүгнэлт авсан өдрөөс эхлэн гэрээг үргэлжлүүлнэ.
  • Сонгон шалгаруулалтанд тэнцсэн эрүүл мэндийн байгууллага нь тусгай зөвшөөрөлд заасан байр, талбай, байршлаа өөрчлөх тохиолдолд энэ тухайгаа байршлаа солихоос 14-өөс доошгүй хоногийн өмнө Эрүүл мэндийн даатгалын газарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд дараах шаардлага хангах хүртэлх хугацаанд гэрээг түр зогсоож, шаардлагууд бүрэн хангагдсан өдрөөс эхлэн гэрээг үргэлжлүүлнэ. Үүнд:
    • Мэргэжлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлагыг хангасан эсэх дүгнэлт болон холбогдох зөвшөөрлийг авах
    • Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлт хариуцсан нэгжээс Тусгай шаардлагад заагдсан байр, талбайтай холбогдох шаардлага хангасан дүгнэлт гарах
  • Сонгон шалгаруулалтанд тэнцсэн тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлсэн, хууран мэхлэх үйлдэл гаргасан нь нотлогдсон эрүүл мэндийн байгууллагын гэрээг цуцалж, сонгон шалгаруулалтанд тэнцсэн болон гэрээт байгууллагын жагсаалтаас хасна. Энэхүү үйлдэлтэй холбогдох аливаа маргаанд Эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцлага хүлээхгүй.
  • Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээг зөрчсөн эрүүл мэндийн байгууллагуудад дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
    • Гэрээний заалтыг зөрчин, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаар 1 удаа гэрээ цуцлагдсан эрүүл мэндийн байгууллагыг сонгогдсон тусламж, үйлчилгээний төрөл дээр зарлагдсан дараагийн сонгон шалгаруулалтанд оролцуулахгүйгээр өнжүүлнэ.
    • Энэхүү журмын 17.5.1-т заасны дагуу нэг удаагийн сонгон шалгаруулалтанд өнжсөн боловч түүний дараах сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, гэрээ байгуулсан боловч гэрээний заалтаа дахин зөрчин, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй эрүүл мэндийн байгууллагыг цаашид бүхий л сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хамруулахгүй.

 

—— оОо ——

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн

……………. оны ….. дугаар сарын …….. -ний өдрийн

………. дүгээр тогтоолын Хоёрдугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ  ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГАД

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

Тавигдах шаардлага Сонгон шалгаруулалтын программ хангамжид оруулах мэдээлэл, нотлох баримт
Ерөнхий шаардлага
1 Хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх Аж ахуйн нэгжийн гэрчилгээний дугаар, хуулбар /Хариуцах эзэн, гишүүдийн өөрчлөлт, арилжааны банк дах дансны дугаар бүрэн тусгагдсан байх/
2 Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт гаргаж буй тусламж, үйлчилгээний чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа
3 Магадлан итгэмжлэгдсэн байх Магадлан итгэмжлэлийн гэрчилгээний дугаар, хүчинтэй хугацаа

 

Жич: Сонгон шалгаруулалтын хугацаанд  Магадлан итгэмжлэлд хамрагдан тэнцсэн боловч гэрчилгээ нь гараагүй байгууллагын хувьд Шийдвэрийн хуулбарыг хавсаргах.

4 Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн, шимтгэлийн өргүй байх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (Хагас жил эсвэл бүтэн жилийн байдлаар)[1]
5 Татварын өргүй байх Татварын тодорхойлолт (Хагас жил эсвэл бүтэн жилийн байдлаар)1
6 Өмнөх сонгон шалгаруулалтанд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн шалтгаанаар дараагийн сонгон шалгаруулалтанд оролцох эрхээ хасуулаагүй байх Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь уг шалгууртай холбоотой жагсаалтыг гаргах бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцогч байгууллага үүнтэй холбогдох материал ирүүлэхгүй.
7 Шүүхийн шийдвэрээр албадан хэрэгжүүлэх арга хэмжээгүй байх Шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөртэй эсэх тодорхойлолт (Сонгон шалгаруулалтын материал авч эхлэх сарын эхний өдрөөр тасалбар болгосон байна.)[2]

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн

……………. оны ….. дугаар сарын …….. -ний өдрийн

………. дүгээр тогтоолын Гуравдугаар хавсралт

[1] Тайлбар: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон Татварын тодорхойлолт нь сонгон шалгаруулалт зарлах үетэй хамгийн ойр хагас жил, эсвэл бүтэн жилийн байдлаар гаргасан лавлагаа байна.  ТодруулбалХэрэв сонгон шалгаруулалт тухайн жилийн 1, 2 дугаар улиралд зарлагдсан тохиолдолд өмнөх жилийн эцсийн байдлаарх лавлагааг, харин  3, 4 дүгээр улиралд зарлагдсан тохиолдолд тухайн жилийн эхний хагас жилийн байдлаарх лавлагаа байх шаардлагатай.

 

[2] Тайлбар: Хэрэв сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 10 сарын 15ны өдрөөс эхлэн авна гэж зарласан бол Шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөртэй эсэх тодорхойлолт”-ыг 10 сарын 1ний өдрөөр тасалбол болгон, тодорхойлолтыг авсан байх шаардлагатай.

Амбулатори

Хэвтүүлэн эмчлэх

Хэвтүүлэн мэс засал

Өдрийн эмчилгээ

Өдрийн мэс засал

Өдрийн бусад

Өндөр өртөгт

Сэргээн засах

Уламжлалт

Яаралтай

Түргэн

Эрчимт эмчилгээ

Телемедицин

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй