Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөвлөгөөт хяналт шалгалт хийх ажлын хэсэг Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн даатгалын тасаг болон даатгалын гэрээ бүхий байгууллагуудад ажиллаж эхэллээ.
Шалгалтын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаа, даатгалын гэрээ бүхий байгууллагуудын Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, стандарт, дүрэм журмыг үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган,зөрчил гарахаас урьдчилан сэргийлэн мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллана.
Шалгалтанд аймгуудын төр, хувийн хэвшлийн эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сувилал, шүдний эмнэлэг, эмийн сан, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд элэгний В, С вирусын идэвхжил тодорхойлох, баталгаажуулах, илрүүлэх шинжилгээ хийх лаборатори зэрэг даатгалын гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулна.
Дээрх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын энэ оны эхний улиралд даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, зардлын гүйцэтгэл, даатгалын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана.
Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, худалдан авах гэрээ”-ний хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон зардлын гүйцэтгэлийг шалган, холбогдох арга хэмжээг авах юм.
Хяналт шалгалтын дүнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэд даатгуулагчдад мэдээлнэ.