Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийж, хэрэгжүүлж байна.
Энэ оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагч иргэд улсын болон даатгалын гэрээ бүхий хэвийн хэвшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын сангаас суурь тарифийг 175.000 төгрөгөөр тооцож оношийн бүлгээс хамааран ялгаатайгаар хөнгөлөлт авдаг байсныг суурь тарифийг 400.000 төгрөг болгож нэмэгдүүлэн улсын эмнэлгийнхтэй ижил болгосон нь иргэд олон нийтийн талархлыг хүлээж байгаа юм.
Даатгалын байгууллага 2019 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 48,8 тэрбум төгрөг олгож байсан бол даатгуулагчид учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилго тавьж энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ онд 73,2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвлөөд байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ ажлыг хэрэгжүүлэхдээ хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүлэн хяналт тавьж ажиллаж байна.
Гэвч энэхүү тусламж үйлчилгээг үзүүлэхдээ зарим хувийн эмнэлгүүд даатгалын гэрээгээ зөрчиж тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүйгээр нэмж даатгуулагчийг хохироож байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол болон тус байгууллагаас хийж байгаа явцын хяналтаар илэрсэн зөрчлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ-ын төлөөлөл болон зарим хувийн хэвшлийн эмнэлгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Баясгалан болон холбогдох албан тушаалтнууд мөн Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа, менежер М.Цэнгэлсайхан, “Интермед” эмнэлгийн ерөнхийлөгч Т.Болормаа, “Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Зоригоо, “Гурван гал” эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэн, “Мамба дацан” эмнэлгийн захирал хамба лам Д.Нацагдорж нарын хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Баясгалан тус байгууллагаас энэхүү журмыг боловсруулж хэрэгжүүлж байгаа бодлого, зорилгоо тодорхой танилцуулж, хувийн хэвшлийн эмнэлгүүд дээрх тусламж үйлчилгээг иргэдэд нэмэлт төлбөр авахгүйгээр чанартай хүргэх, даатгуулагчийн эрх ашгийг хохироохгүй байхад анхаарч, даатгалын гэрээний үүргээ биелүүлэх асуудлыг Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ анхааралдаа авч хамтран ажиллахыг хүслээ.
Мөн Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа,“Интермед” эмнэлгийн ерөнхийлөгч Т.Болормаа, “Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Зоригоо, “Мамба дацан” эмнэлгийн захирал хамба лам Д.Нацагдорж нар цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо хэллээ.