“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” 2019-2023 үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 настай сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн санаачилгаар хамтран зохион байгуулав.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НДЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран энэ сарын 04-нд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.
Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд 109 дүгээр сургуулийн 3 баг, 119 дүгээр сургуулийн 5 баг, 103 дугаар сургуулийн 3 баг, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 5 баг, “Голомт” цогцолбор сургуулийн 4 баг, Албан бус насан туршийн боловсролын төвийн 1 баг, “Чандмань-Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуулийн 1 баг, “Хос-Уянга” сургуулийн 1 багийн нийт 184 хүүхэд оролцлоо.