Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн газартай хамтран Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн хүрээнд эмч, мэргэжилтнүүддээ нэгдсэн нэг ойлголт өгөх, ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 тоот тогтоолыг мөрдөж ажиллах, эмчлэгч эмч болон эмч мэргэжилтнүүд Олон улсын эмнэлзүйн удирдамж болох Uptodate платформыг хэрхэн ашиглах талаарх сургалтуудыг хийлээ.
Аймгийн эмч мэргэжилтнүүдийг чадвхижуулж, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой тус сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газрын Тусламжийн хэлтсийн дарга М.Энхдалай, Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж нартай хамтран зохион байгуулж эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 тоот тогтоолыг эмч мэргэжилтнүүдэд таниулахаас гадна Нийгмийн даатгалын хэлтэстэйгээ хамтран 7 хоног бүр орон нутгийн “Түмний” телевиз болон “Хөвсгөл” телевизийн тодруулга булангаар аймгийн иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд ямар, ямар өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг өгч иргэдээс ирсэн асуултанд хариулах, шинэ мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна.