Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 5-р сард нийслэлийн 130 өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн 377 компьютерийн програм хангамж, техник хэрэгсэлийн чадамжийн судалгаатай холбогдуулан 127 өрхийн эмчийн нууцын гэрээг цахимд нэвтрэх эрхтэй тулган шалгаж, жор бичилтийг өрхийн эмнэлгээр, эмч тус бүрээр гарган нөхцөл байдлын үнэлгээг хийсэн юм.
Мөн хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангуудын эм олголт, эмийн нөөц, хангамж, ачаалал, эмийн үнийн хөнгөлөлтийн зардлын төсвийн гүйцэтгэлтэй газар дээр нь танилцан, ажиглалт хийн судалгаа гаргасан.
Үнэлгээ болон судалгааны үр дүнд гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж гэрээт өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний төрөл, чанар хүртээмж, цахим жор бичилт, програм хангамж, техник хэрэгсэлийн үзүүлэлт, edaatgal аппликэйшнийг ашиглах талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Тухайлбал, өрхийн эмч хөнгөлөлттэй эмийн жор бичихдээ цахим жорын системийн журамд заасан даатгуулагчийн мэдээллийг бүрэн оруулах, үзлэг, зөвлөгөө, жор бичилтэд 10 минутаас доошгүй хугацааг зарцуулдаг байх, эмчийн үзлэг оношлогоо, шинжилгээг бүрэн хийж түүний онош, нас хүйсэнд тохируулан жорыг системд бүртгүүлэх, даатгуулагчийн нэг сараас дээш хугацаагаар хэрэглэх эмийг өвчний үндсэн оношийн дагуу дангаар нь цахим жорын тэмдэглэл үйлдэх, удаан хугацаагаар уух эмийн үндэслэлийг тодорхой тэмдэглэх зэрэг даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг тэгш, шударга, жигд, хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллах талаар чиглэл хүргүүллээ.