by
1800-1363

Мэдээ мэдээлэл

Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний талаар санал солилцлоо

2020/02/13    2420 Үзсэн   

Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний нэг болох өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг иргэд даатгуулагчдад  улсын 10 эмнэлэг үзүүлж байсан бол өнгөрсөн оноос эдгээр эмнэлгүүд дээр нэмж хувийн хэвшлийн 14  эмнэлэг үзүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүн,Эрүүл мэндийн сайд,ЭМДҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл өнөөдөр энэхүү тусламж үйлчилгээг үзүүлж байгаа улсын болон хувийн эмнэлгүүдийн удирдлагуудтай болон  ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай  уулзаж ярилцаж, саналыг сонсож  үүрэг даалгавар  өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл даатгуулагчдад өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай үзүүлэхийн тулд  иргэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах,тэдэнд үйлчилгээ үзүүлэх зорилготой эдгээр байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, тулгарч байгаа асуудлуудаа харилцан ярилцаж ,санал солилцож амьдралд нийцсэн оновчтой шийдэлд хүрэх чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн болон холбогдох газрын дарга нар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах энэхүү тусламж үйлчилгээг даатгуулагчдад үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа болон цаашид хийж хэрэгжүүлэх гэж  байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Иргэдэд энэхүү үйлчилгээг үзүүлж байгаа улсын нэг,хоёр, гуравдугаар төв эмнэлэг,Хавдар судлалын үндэсний төв,Гэмтэл согог судлалын үндэсний төв,Халдварт өвчин судлалын үндэсний төв  зэрэг улсын эмнэлгүүд болон “Сонгдо”, “Мөнгөн гүүр” зэрэг хувийн эмнэлгийн төлөөллүүд энэ тусламж үйлчилгээг үзүүлэхэд гарч байгаа зарим асуудлуудын талаар ярилаа.

Тухайлбал эмнэлгийн хэрэгслийн тендерийн сонгон шалгаруулалт явуулахдаа техникийн тодорхойлтын дагуу явуулахад анхаарах, нэгдсэн тендер зарлах,эмнэлгийн хэрэгслийн  босго үнэ болон эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн дээд хэмжээг  бодитой тогтоох,өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг өөрчилж шинэчлэх, эмч,эмнэлгийн ажилтнуудыг урамшуулах  зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар ярьж санал бодлоо хэллээ.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  Эрүүл мэндийн яам болон ЭМДҮЗ-ийн ажлын алба ,ЭМДЕГ-ын холбогдох албан тушаалтнуудад өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж  гарч байгаа  саналуудыг   судлан үзэж эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ үзүүлэх журам, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг яаралтай шинэчилж боловсруулан  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд оруулахыг  даалгалаа.

Санал гомдол

Санал хүсэлтийг энэ холбоосоор дамжин мэдээлэлээ өгнө үү.

Дэлгэрэнгүй

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Одоогоор 2 хэлэлцүүлэг байна.

Дэлгэрэнгүй