Нийслэлийн хэмжээнд өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Нийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой тус аяны нээлтэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныханы дунд зохилон тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгааг тогтоожээ.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үр дүнд халдварт өвчний тоо 2016 оноос хойш тогтмол буурч байгаа хэдий ч зарим халдварт өвчний тухайд ихсэх хандлагатай байсаар байна.
Тиймээс төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын ТХЗ-2030, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрүүд, Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эрт илрүүлгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулан Монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ-аас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна.
Үүний нэг нь иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь оношлон эмчлэн, эрүүлжүүлэх зорилго бүхий “Эрүүл иргэн” аян юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хороод, Өрхийн эрүүл мэндийн төвд төрөлжсөн нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, зөвлөгөө өгөхөөс гадна өрхийн эмч, мэргэжилтэнг ажлын байран дээр мэргэжлийн чиглэлээр сургаж буй нь иргэд, олон нийт төдийгүй эмнэлгийн мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн билээ.