2018 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирусийн илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн.
Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах, тоолох шинжилгээнд 15-аас дээш насны нийт 510,239 хүнийг хамруулж чадсан байна.
Мөн вирусийн эсрэг эмчилгээний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60%-ийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж , элэгний С вирусийн эсрэг эмийн жагсаалтанд 2 нэр төрлийн эмийг хавсарч хэрэглэхээр шинээр нэмж оруулсан.
Өнгөрсөн онд элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,859,300.0 төгрөгийг зарцуулсан байна.
ЭМДЕГ энэ онд нийт 1.053.960 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.
Үүнд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах ,ачаалал тоолох шинжилгээний болон вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтана.
Элэгний В,С вирусийн идэвхжил тоолох,шинжилгээ хийх 28 лабораторитай даатгалын гэрээ байгуулан ажиллаж өнөөдрийн байдлаар нийт 99.213 даатгуулагчийг хамруулаад байна.
Мөн эрүүл мэндийн цахим системд нэвтрэх эрх бүхий элэгний эмгэгээр мэргэшсэн нарийн мэргэжлийн 292 эмч С вирусийн эсрэг эмийг бичиж байна.
Эдгээр эмчийн олгосон цахим жороор даатгалын гэрээтэй 150 эмийн сангаар элэгний вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй олгож өнөөдрийн байдлаар 2,064,332,154 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна.
Энэ онд эрүүл мэндийн салбарынхан элэгний Д вирусийн эрт илрүүлэг,оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн 2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилт тавиад байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийх дээрх ажлууд нь элэгний В,С вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж, хяналтад авч эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлэх ач тустай юм.
Даатгуулагч Та бүхэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт идэвхтэй оролцоорой.
Шинжилгээ хийх лабораториуд болон хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /www.emd.gov.mn/ сайтаас авч болно.