Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн спорт клубт идэвхтэй хөдөлгөөн хийж ,спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгохоор тусгасан.
Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага магадлан итгэмжлэгдсэн спорт клубуудын дунд сонгон шалгаруулалт явуулж 13 спорт клуб тэнцэж гэрээ байгуулаад байна.
Нийслэл хотод “Голден Жим”-ийн нэг, дөрөв, тавдугаар салбар,“Соёл”, Zaya’s, “Эмпайр”, Gold’s gym, “Adrenalin” зэрэг фитнесс клубууд эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хөнгөлөлттэй үйлчилнэ.
Харин хөдөө орон нутагт эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хөнгөлөлттэй үйлчлэх спорт клубуудын тоонд “Макс спиннинг клуб”, “Титан”, “Wise gym”, “Максимус”, “Ханан Жим” зэрэг фитнесс клуб орж байгаа юм
Даатгуулагчид эдгээр спорт клубт нэг удаа ирэхдээ нэг цагаас доошгүй хичээллэж улиралдаа 24-өөс доошгүй удаа үйлчлүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас 60.0 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой.
Харин тухайн даатгуулагч нь спорт клубд хичээллэхдээ өөрийн бие бялдар хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил өгч, биеийн тамирын арга зүйч багш дасгалжуулагч, эмчийн заасан хөтөлбөр, зааврын дагуу үйлчилгээнд бүрэн хамрагдана
Өнөөдөр энэхүү үйлчилгээг иргэдэд үзүүлэх спорт клубуудын эмч, багш мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар спорт клубуудын үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавих, даатгуулагчдад урамшууллын зардал хэрхэн олгох талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн энэхүү үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох журмын талаар танилцуулж , эрүүл мэндийн даатгалын цахим системтэй хэрхэн холбогдож ажиллах зааварчилгаа өглөө.