2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын дагуу “Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай, тодорхой худалдааны нэршил нэр бүхий эмийг тогтмол, тасралтгүй борлуулах хүчин чадал бүхий эмийн санг даатгуулагчид үйлчлэх хүрээ болон байршил харгалзан сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.6-д заасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд явагдана.
Нэг. Эмийн санд тавигдах онцгой шалгуур үзүүлэлт:
Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан байх;
Хавсралтад заасан худалдааны нэршил бүхий эмийн 100%-ийн хангалт, нөөцтэй байх, 6 сараас доошгүй хугацаанд эм нийлүүлэх, эмийн үнийг тогтвортой барих нөхцөлүүдийг тусгасан гэрээтэй байх; /гэрээний хуулбар/
Эмийн сангийн сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь 720 сая төгрөгөөс доошгүй байх; /Санхүүгийн болон татварын тайлан Жич: Сүлжээ эмийн сан байх тохиолдолд тухайн салбарын санхүүгийн тайланд үндэслэнэ./
Нийслэлийн нутаг дэвсгэрт Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт тус бүр 2, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 1 эмийн сан сонгон шалгаруулах тул заасан байршилд үйл ажиллагаа явуулж байгаа, онцгой шалгуур үзүүлэлтийг хангасан эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангуудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмийн сан нь дор дурдсан баримт, бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ үү.
Хоёр. Эмийн сангийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталсан эмийн үнийн дээд хязгаарыг зөвшөөрсөн эмийн сангийн сонгон шалгаруулалтад оролцох тухай албан хүсэлт;
2. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
3. Эмийн сангийн зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, тайлбарын хамт;
4. Тухайн эмийн сангийн бүтэц, орон тоо баталсан шийдвэр;
5. Хүний нөөцийн мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны болон 2020 оны эхний 3 сарын тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/;
Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
Эмийн сангийн сонгон шалгаруултыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баярболд /502 тоот өрөө/.
“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.emd.gov.mn цахим хуудаснаас татаж авна уу.