Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн яамны “Б” зааланд Нийслэлийн гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч, жор баригч нарт сургалт зохион байгууллаа.
2019 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 33,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сан, Нийслэлд 445 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан Нийслэлийн эмийн сангийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн талаар хяналт шалгалттай холбоотой нэгдсэн мэдээллээр хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, цаашид гарах алдаанаас урьдчилан сэргийлэх, иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхэд чиглэгдсэн.
Уг сургалтыг нээж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн М.Уранчимэг “Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн санг шалгасан нэгтгэсэн шалгалтын талаар мэдээлэл, нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудал”, Тамгын газрын мэргэжилтэн М.Энхтуяа Нийслэлийн эмийн сангуудын 2019 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэсэн тайлан мэдээ
Бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн П.Оюунбат “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын талаар, зөвлөмж, анхаарах асуудал сэдвээр, Тусламж, үйлчилгээний чанарын газрын мэргэжилтэн Т.Дэлгэржаргал Цахим жорын хяналт, зөвлөгөө, цаашид анхаарах асуудал, Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ууганбаяр www.Health.gov.mn цахим системд илгээсэн нэхэмжлэлийн дүнгийн зөрүүний талаар завлөгөө, анхаарах асуудал сэдвээр, Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Амгалан Цахим жорын системийн шинэчлэлт, зөвлөгөө, залруулга хийх талаар, Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ч.Хажидмаа Даатгуулагч иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлын талаар тус, тус илтгэл тавьж цаашид Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаал, журам, ЭМДҮЗ-ийн тогтоол, ЭМДЕГ-ын даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад мэдээлэл аргазүйн зөвлөмж хүргэлээ. Сургалтын төгсгөлд оролцогчид илтгэл тавьсан мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч ярилцлаа.