Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” 28 дугаар тогтоолын хэрэгжилттэй газар дээр нь танилцах ажил 06 дугаар сарын 24-ний өдрөөс үргэлжлэн хийгдэж байна.
Газар, хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд Архангай-Өвөрхангай, Сүхбаатар-Хэнтий-Дорнод, Эрдэнэт-Булган-Хөвсгөл, Дархан-Сэлэнгэ, Төв-Дундговь-Өмнөговь, Баянхонгор-Говь-Алтай-Завхан, Ховд-Увс-Баян-Өлгий, Налайх-Багануур-Говьсүмбэр-Дорноговь аймгуудад томилогдон ажиллаж байна.
Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий орон нутгийн 92 хувийн хэвшлийн эмнэлэг, 27 сувиллын зардлын төлбөртэй танилцаж, үнийн хэлцэл хийн, хурууны хээ уншигчтай холбоотой асуудлын шалтгааныг тодруулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Мөн 65 өрхийн эрүүл мэндийн төвийн 4 төрлийн тусламж, үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилт, гэрээт эмийн сангуудын эм олголтын үйл явцад гарч буй нийтлэг алдаа, дутагдал, асуудлуудтай танилцан, үнэлгээ хийж байна.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлээр шинээр нэвтрүүлсэн edaatgal аппликэйшн, тусламж үйлчилгээний портал сайтын талаар мэдээлэл өгч, ажлын байранд дахь сургалт явуулж, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.
Тус үйл ажиллагааны үр дүнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэд даатгуулагчдад мэдээллэнэ.